Уран зургийг мэдрэхүй

Sukhbat Battulga
6 min readJan 17, 2021

--

“Заа ганц нэг гайгүйхэн зургийн хажууд селфи хийчхээд явах минь, угаасаа ойлгох ч үгүй юм байна” танил сонсогдож байна уу. Уран зургийн галлерэйд очоод зураг хараад зогсож байхдаа ойлгохгүй ч гэсэн хажууд чинь дажгүй залуу/эмэгтэй зогсож байхад ойлгож байгаа юм шиг жүжиглэх шаардлага гарч байсан уу? Ихэнх уран зураг сонирхдог хүмүүс яагаад ч юм урлагийн өндөр мэдрэмжтэй юм шиг санагддаг л биздээ. Тэр элит гэж хэлж болох хүмүүсийн хүрээлэлд орчихмоор л байна уу? Яагаад тэр жижигхэн 50см хүрэхгүй зургууд хэдэн сая доллароор үнэлэгдээд байдаг бол бол? Ямартай ч бид уран зураг ойлгож байж тэр үнэ цэнийн мэдэрч чадах болов уу. Тэрхүү бүтээлүүдийг ойлгоход учир бий.

Нэг нууцыг уншигч танд хэлэхэд, уран зургийн талаар ярьж байхад буруу хариулт гэж байдаггүй юм. Ихэнх хүмүүс уран зураг үзэхээс цааргалдаг нь уг зургийг ойлгохгүй байх вий, хэн нэгэн намайг сөргөөр бодчихвол яах вэ, магадгүй тэнд надаас илүү мэдлэгтэй, ойлгодог хүмүүс байгаа байх гэсэн айдастай байдаг юм. Үнэндээ тэгэх ямар ч шаардлагагүй юм. Хүн бүхэн уран зургийн өмнө эрх тэгш, түүнд ямар ч буруу хариу хариулт гэж байдаггүй юм. Уг айдастай хүмүүст Hans Christian Andersen-ийн “Эзэн хааны шинэ хувцас” гэх өгүүллийг ярьж өгье. Эзэн хаанд зориулж зөвхөн ухаалаг болон чадвартай хүмүүсд л харагддаг, бусад хүмүүс харж чаддаггүй тансаг, ид шидийн хослолыг урлаж өгнө гэж 2 оёдолчин амлан, хийж өгчээ. Уг хослолоо өмсөөд албатуудынхаа өмнө баярын жагсаал хийж, хүн болгон л хааны өмссөн хослолын хийц болон загварыг магтан шагширч байлаа. Гэвч үнэн хэрэгтээ хэн ч уг хослолыг олж харахгүй байгаагаа хэлж зүрхлэхгүй байлаа. Гэтэл тэсгэл алдсан залуухан хүү “гэхдээ хаан ямар ч хослол өмсөөгүй байна” гэж үнэнийг хэлэв. Үүнийг сонссон албатууд “тэр гэнэн хоолойг сонсоод байгаарай” гэж уулга алдацгаав.

Үүнтэй адил уран зургийг гэнэн байлдаар л хараарай. Ялангуяа орчин үеийн уран зургийг ойлгож, үнэлэхэд хүнд болсон боловч, уран зургийг таашаан гэдэг нь зөн совингийн л мэдрэмж юм. Тухайн зураг танд таалагдаж байна уу, үгүй юу? гэдэг нь амархан ба хэрэв уг зураг таалагдахгүй байвал, зүгээрдээ. Учир нь бусад хүмүүс юу гэж бодож, хэлэх үнэндээ л чухал биш.

Хүн бүхэн уран зургийн өмнө эрх тэгш, түүнд ямар ч буруу хариу хариулт гэж байдаггүй юм.

За тэгвэл уран зургийг энгийнээр хүн болгон ойлгож болохуйц арга бий болов уу? Хариулт мэдээж тийм. Урлаг судлаач Эрвин Панофскийн( Erwin Panofsky) ашиглаж ирсэн текникийг нарийвчлан авч үзвэл:

  1. Харах
  2. Үзэх
  3. Сэтгэх

Эхний хоёр арга бол нүдээ ашиглаж, ажиглах чадвар юм. Гурав дахь арга бол бүтээлчээр сэтгэж, ойлгох чадвар юм.

Уран зураг ч бай, кино ч бай, дуу ч бай бид аливаа харж байгаа зүйлийг бидний тархи түргэн хугацаанд уншиж, ойлгож байдаг. Юу гэх гээд байна вэ гэхээр уг процессыг удаашруулах хэрэгтэй.

  1. Харах

Бид галлерэй дээр очоод харж л байдаг шүү дээ, энэ хангалтгүй гэж үү? үнэндээ үгүй. Бид галлерэй дээ очих үедээ, бид уран зургийн өмнө хэдхэн секунд зогсож байгаад явчихдаг. Зарим нь 2 секунд ч хүрдэггүй.

Та уран зургийн өмнө хараад зогсож байна гэж төсөөлье. Хамгийн энгийн зүйлээс харцгаая. Уг зургийн хэмжээ, материал нь ямар байна вэ? гэрэл зураг уу,эд зүйл үү эсвэл уран зураг уу?, Хэрхэн харагдаж байна, барзгар эсвэл зөөлөн үү,гөлгөр эсвэл нямбай юу, гялалзсан эсвэл бүдэг үү, эсвэл бүгдийн эмх цэгцгүй нэгтгэчихсэн байна уу?

Уг бүтээлийн утга болон мэдрэмж нь таныг шууд татахаар байлгахын тулд зарим уран бүтээлчид зориуд материал, хийц болон загварыг содон хийсэн байдаг.

Испани гаралтай Австрали уран бүтээлч Дани Мартигийн “Энэ бүхэн Питертэй холбоотой” гэх 2009 онд хийгдсэн бүтээлийг харцгаая.

“Энэ бүхэн Питертэй холбоотой”

Энэхүү бүтээл нь хана дээр уран зураг шиг өлгөөтэй байгаа боловч өөр өөр өнгийн гэр ахуйн хэрэгсэл, аяга гэх мэт хэдэн зуун хайлуулсан хуванцар эд зүйлсээр бүтээгдсэн юм. Хэдий энэ нь 3 хэмжээст байдлаар бүтээгдсэн боловч, Марти биднийг уран зураг талаас нь хараасай гэж хүссэн.

2. Үзэх

Урлагт харах үзэхийн ялгаа юу вэ? Харах бол яг өмнөө байгаа зүйлээ тайлбарлах бол утга санааг ойлгох нь үзэх юм. Тухайн зургийн илэрхийллийг олж үзсэнээр бид түүний цаана нуугдаж, төлөөлж байгаа утгыг ойлгох юм. Эрвин Панофски энэхүү илэрхийллийг “iconography” гэж нэрлэсэн юм.

Пабло Пикасогийн “Guernica” (1937) гэх бүтээлийг iconography аргаар тайлбарлая. Зургийн голд морь янцгааж байгаа ба харалдаа доор нь хэсэгчлэн салсан хүний гар, толгой мөн зүүн талд нь хүүхдийн цогцос тэвэрч чангаар гаслан уйлж буй эмэгтэй байна. Цайвар сүүдэр уг бүтээлийг давамгайлж байгаа байдал нь яг л дэлбэрэлтийг харагдуулах шиг. Эдгээр бүх дүр нь энэхүү бүтээлийн утгыг бий болгохоос гадна дайны эсрэг бүтээгдсэн хамгийн шилдэг урлагийн бүтээлүүдийн нэг гэж үздэг.

Guernica (1937)

Мартигийн “Энэ бүхэн Петиртэй холбоотой” гэх бүтээлийг iconography байдлаас нь дүрслэхэд тийм ч тодорхой биш юм. Учир нь уг бүтээл нь аливаа зүйлийг энгийнээр шууд утгаар нь дүрслэх байдал нь үгүй тул илүү хийсвэр талдаа юм. Гэхдээ хайлуулсан хуванцрууд нь бидний өдөр тутмын хэрэглээний эд зүйлс ба магадгүй зарим нь танай гэрт ч байж болно. Эдгээр нь бидний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг гэдгийг илтгэж байна. Ийм байдлаар оюун санаандаа тэмдэглэл хийгээд эцсийн алхамдаа оръё.

3. Сэтгэх

Сүүлчийн алхам бол энэ бүх харж, үзсэн зүйлүүдээс олж авсан мэдээллээ нэгтгэж бодно. Энэ нь утгийг тайлах үйл явц бөгөөд шинжлэх ухаан биш гэдгийг санаарай. Зөв хариултыг хайж олох гэхээсээ илүү уг зургийн хамгийн байж болох хувилбарыг бүтээлчээр сэтгэх явдал юм.

Тухайн бүтээлийн бичвэр хэлбэрээр тайлбарласан байдлыг харах нь чухал. Ихэвчлэн жижигхэн нүдэнд тэмдэглэгээ байдаг ба үүнд уран бүтээлчийн нэр, хаана болон хэзээ төрсөн эсэх, бүтээлийн нэр, он сартай нь байдаг.

“Энэ бүхэн Петиртэй холбоотой” бүтээлийн нарийвчлал

Уран бүтээлчийн талаар мэдэж байх нь танд маш давуу талтайгаас гадна тэрхүү бүтээлчийн зургийн хэв маягийг ойлгоход дөхөм болж ирэх юм. Хэрвээ та “Picasso олон эмэгтэйтэй амрагийн холбоотой байсан”, “Jackson Pollock архичин байсан”, “Vincent van Gogh сэтгэцийн хүнд өвчтэй байсан” гэх зэрэг эдгээр хүмүүсийн нэрийг, түүхийг мэдэж байвал танд суурь мэдлэг байгаа юм байна. Хэрвээ уран бүтээлчийн нэрийг сонсож байгаагүй бол, хамгийн түрүүнд тэдний төрсөн он сар өдрийг хараарай. Учир нь Зөвлөлт Холбоот улсад 1930аад оны үед төрсөн, Испанид 1960аад оны үед төрсөн 2 хүний ертөнцийг үзэх үзэл болон, туулж ирсэн амьдрал, орчин өөр байдаг тул бүтээл нь тухайн аж амьдралын хэв маяг, хэзээ хаана юу тохиолдож байсан гэх зэрэг онцлогийг харуулах нь олонтоо байдаг. Жишээлбэл “Энэ бүхэн Петиртэй холбоотой” гэх Мартигийн бүтээлд гарчиг бол нэн чухал. Марти бидэнд энэхүү ажилбар нь Петир гэх хүнтэй холбоотой гэдгийг шууд илтгэж байна.

Iconography талаас нь үзвэл тэдгээр өдөр тутмын хэрэглэдэг гэр ахуйн эд зүйлс нь Питерийнх ба өнгөний зохилдогоо нь хурц, өнгөлөг байгаа нь хэрвээ тэр бүтээл нь хүн байсан бол ямар төрлийн хүн байх байсан бол? бодууштай л юм.

Эцэст нь хэлэхэд хэрвээ та уг 3 алхмыг дагавал ямар ч зургийг ойлгож чадна гэвэл өрөөсгөл ойлголт шүү. Танд заавал “Starry night” таалагдах албагүй, ойлгох гээд ч хичээх шаардлагагүй. Цагаа үрсэн хэрэг болно. Энэ бүхнээрээ уран зураг гэдэг хүн бүхэн сонирхож, ойлгож, түүнээсээ таашаал авч болдог гэдгийг мэдүүлэхийг зорилоо.

Аа бас өөрийнхөө таалагддаг 5 уран зургийг орууллаа. Сонирхоод үзээрэй.

Café Terrace at Night by Vincent van Gogh
Impression Sunrise by Claude Monet
Dante And Virgil In Hell by William-Adolphe Bouguereau
Almond Blossom by Van Gogh
The Kiss by Gustav Klimt

--

--

Sukhbat Battulga
Sukhbat Battulga

Written by Sukhbat Battulga

Writing through my experience in life is the thing I can do the best.

No responses yet