Амиа хорлолтын талаар та юу мэдэж байх хэрэгтэй вэ?

Sukhbat Battulga
7 min readJan 11, 2021

--

Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэй хүн болгоны тэр бүрчлэн яриад байдаггүй сэдэв болох амиа хорлолтын талаар ний нуугүй бичихээр шийдлээ. Хүн болгон амиа егүүтгэх талаар амьдралынхаа турш дор хаяж 1-2 удаа бодож байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ та амиа хорлох талаар түүнээс ч олон удаа бодож, оролдож байсан бол нийтлэлийг маань дуустал нь уншаасай гэж хүсэж байна. Амиа хорлолтын талаар хүн болгон өөр өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Зарим нэгэнд нь кино нь дээр л гардаг зүйл бол, заримд нь хайртай хэн нэг нь амиа хорлосон муухай гунигт дурсамж байж болох ба магадгүй одоо ч амиа хорлох гэж бодож байгаа нэгэн байж болох юм. Сэдэврүүгээ гүнзгийрч орохоос өмнө энэхүү нийтлэл нь миний хувийн үзэл бодол дээр тулгуурлагдаж бичигдсэн гэхээсээ илүү албан ёсны эх сурвалжууд болон мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, баримтууд дээр тулгуурлагдаж бичигдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Үхэлтэй бид хүссэн хүсээгүй, эрт орой хэзээ нэгэн цаг учрах л болно. Энэ хувь заяанаас хэнбугай байсан үл мултарч чадна. Гэхдээ яагаад амиа хорлолт гэж? Яагаад хүмүүс амиа хорлох талаар боддог юм бол? Хэрвээ та амиа хорлолтын талаар бодож байгаагүй бол энэ арга замаар амиа егүүтгэж буй хүмүүсийг ойлгоход хүндрэлтэй байх болов уу. Мэргэжилтнүүд амиа хорлох талаар бодож буй хүмүүсийн зарим нь амиа хорлож, зарим нь амиа хорлохгүй үлддэг талаар нарийн сайн ойлгохгохгүй байгаа боловч амьдралынх нь хэв маяг болон сэтгэцийн тогтворгүй байдалд бий болсон асуудлуудаас үүдэлтэй гэж үзэж байна. Тэгвэл статистик хараад үзье л дээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Төвөөс гаргасан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 800 мянган хүн амиа хорлодог гэж бүртгэгдсэн нь 4 секунд тутам 1 хүн амиа хорлодог гэсэн үг юм. Монголд л гэхэд 1 жилд 500 гаруй хүн амиа хорлодог гэсэн судалгаа бий. Амиа хорлож буй хүмүүсийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. “Эрэгтэй хүн уйлдаггүй юм” гэсэн хандлагаар Монголд эрэгтэй хүүхдээ тэгж өсгөдөг нь арай амиа хорлох талбарыг нь бэлдэж өгөөд байгаа юм биш биз? Би эрэгтэй байх тусмаа уйлаасай, ганц шил юм уусныхаа дараа биш, энгийн үедээ ч чөлөөтэй ярилцдаг байгаасай гэж хүсэж байна. Түүнчлэн насанд хүрсэн хүн ойролцоогоор 20 удаа амиа хорлох гэж оролдсны эцэст амиа хоролдог гэсэн үзүүлэлт байна. Амиа хорлолтын 79% нь бага-дунд албан орлоготой улс орнуудад гарч байна. 2016 онд дэлхий дээрх нийт үхлийн 1.4 хувийг бүрдүүлж байсан ба нас баралтын тэргүүлэх шалтгааны 18-т бичигдэж байсан. Амиа хорлох бодлыг дараах сэтгэцийн эмгэгүүд бий болгож байх болзошгүй. Үүнд:

  • Депресс буюу сэтгэл хямрал
  • Сэтгэцийн өөрчлөлт
  • Бодисын хэрэглээний эмгэг
  • Гэмтлийн дараах стрессийн эмгэг

Гэвч сэтгэцийн тогтворгүй байдалтай хүн болгон амиа хорлох талаар боддог гэвэл ташаа ойлголт юм. Бусад хүчин зүйлсүүд хүчтэй нөлөөлж байх магадлалтай. Үүнд:

  • Гэр бүлийн салалт, хүчирхийлэл
  • Дотны хэн нэгнээ алдах(хүүхэд, хань ижил…)
  • Санхүүгийн хүндрэл
  • Байнгын ичгүүртэй болон бүтэлгүй байдал
  • Эрүүл мэндийн ноцтой байдал болон эдгэшгүй өвчин
  • Хууль эрх зүйн асуудал, гэмт хэрэгт холбогдох гэх мэт
  • Тааламжгүй хүүхэд насны санаа зовинолт(өвчин, шарх сорив, дээрэлхүүлэлт, хүчирхийлэл)
  • Ялгаварлан гадуурхалт, арьс өнгөний үзэл зэрэг бусад цөөнх болон цагаачлагчад хандах ёс бус авир
  • Гэр бүл болон найз нөхдийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй хүйсийн эрх тэгш байдал, бэлгийн чиг хандлага болон шашин

2 болон түүнээс дээш эдгээр бэрхшээлүүдтэй тулгарч байгаа хүний амиа хорлох магадлал илүү өндөр байдаг байна. Жишээ нь: Ажлаа алдсанаас үүдэн гарч буй санхүүгийн бэрхшээл, депрэсстэй байдал, гэмт хэрэг үйлдчихсэн хүн ганц бэрхшээлтэй хүнээс амиа хорлох эрсдэл нь нэмэгдэх юм.

“Дэлхийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 800 мянган хүн амиа хорлодог гэж бүртгэгдсэн нь 4 секунд тутам 1 хүн амиа хорлодог гэсэн үг юм. Монголд л гэхэд 1 жилд 500 гаруй хүн амиа хорлодог гэсэн судалгаа бий. Түүнчлэн насанд хүрсэн хүн ойролцоогоор 20 удаа амиа хорлох гэж оролдсны эцэст амиа хоролдог гэсэн үзүүлэлт байна. “

Амиа хорлох гэж байгааг яаж мэдэх вэ?

Мэдээж гаднаас нь хараад энэ хүн амиа хорлох гэж байна гэж хэлэх нь бараг л боломжгүй юм. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар амиа хорлохыг завдаж буй хүн хэдэн онцлог шинж тэмдэгүүд гаргадаг боловч хүн бүхэн тэгдэггүй. Гэвч амиа хорлох талаар бодож буй хүн болгон автоматаар амиа хорлоно гэж ойлгож болохгүй. Дараах шинж тэмдэгүүд илэрч байгаа хүн болгон амиа хорлоно гэсэн үг биш ч, эдгээр шинжийг удаа дараа гаргаж байвал сэтгэл зүйч дээр аль болох хурдан очоорой гэж зөвлөж байна.

Тухайн шинжүүдээс дурдвал:

  • Үхэл болон хүчирхийллийн талаар ярих
  • Үхэхийг хүсэж буйгаа хэлэх
  • Үхэлд хүргэж болох эд зүйлсийг биедээ авч авах, ашиглаж байх (хутга,буу, их хэмжээний жороор олгодог эм гэх мэт…)
  • Огцом сэтгэлийн хувирал
  • Гарах гарцгүй, итгэл найдваргүй, үнэ цэнгүй эсвэл бусдад ачаа төвөг болж буй мэтээр ярих
  • Ширүүдсэн болон эрсдэлтэй зан авир гаргах(эм тариаг буруу тунгаар ашиглах,хэтрүүлэх, хайнга жолоо барих,аюултай спортуудаар аюулын байдал хангахгүй хичээллэх гэх мэт…)
  • Найз нөхөд, гэр бүл болон нийгмийн үйл ажиллагаанаас хойш суух
  • Тогтмол цагаар унтахгүй байх(их эсвэл бага унтах)
  • Хэт их санаа зоволт болон түгшүүртэй байдал
  • Сэтгэлийн тогтвортой бус байдлаас үүдэж дуугай болох, юм ярих нь багасах

Магадгүй тэд амиа хорлох талаар бодоогүй байсан ч эдгээр шинж тэмдэгүүд илэрч байвал өөр ямар нэгэн ноцтой зүйл болж буйг илтгэж байна. Дахин хэлэхэд дараах шинж тэмдэгийг гаргаж буй байдал нь амиа хорлохтой холбоогүй байж болох ба зөвлөж хэлэхэд та болон таны ойр дотны хэн нэгэн гаргаж байвал “сүртэй юм, тэгж байгаад зүгээр болчихно доо” гэж бодолгүй нухацтайгаар хүлээн авч үргэлж ярилцаж байгаарай.

Амиа хорлох мэдрэмж төрж буй хэн нэгнээс энэ талаар асуух нь буруу юу?

Хэрвээ та амиа хорлох талаар бодож буй хэн нэгнээс энэ талаар нь асуух нь галруу давс цацаж байгаа мэт байдлыг улам хүндрүүлж магадгүй гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ нь ердөө цуу ярианаас хэтрэхгүй. Учир нь 2014 онд гаргасан судалгаанаас үзэхэд харин ч эсрэг үр дүнтэй болохыг харуулжээ.

Амиа хорлох талаар ярих нь уг бодлыг харин ч бууруулдгаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байна. Гэхдээ амиа хорлох талаар бодоод бай гэсэн үг биш гэдгийг санаарай. Амиа хорлохыг завдаж буй хүмүүсиийн дийлэнх хувь нь ганцаардсан байдаг тул энэ тухай ярилцах нь тэрхүү хүмүүсд дэмжлэг үзүүлэхэд анхаарал тавьж буйг илтгэх ба мэргэжлийн тусламж авахад нь туслах юм.

Хамгийн гол нь зөв арга замаар ярилцах нь нэн чухал. Илэн далангүй, шуудхан ярихыг хичээгээрэй. “Амиа хорлолт” гэдэг үгийг хэрэглэхээс бүү айгаарай. Дараах арга замаар ярилцах нь эерэг үр дүнд хүргэж болно. Үүнд:

  • Тэд юу мэдэрч байгааг асуугаарай. Жишээ нь: “ Амиа хорлолтын талаар бодож байна уу?, Өөрийгөө өмнө нь гэмтээж байсан уу?, Хүйтэн зэмсэг болон ямар нэгэн төлөвлөгөө байна уу?”
  • Тэд яг юу хэлж байгааг нь анхааралтай сайн сонсоорой. Магадгүй тэдний туулсан зүйл танд нээх их сүржин шалтгаан шиг сонсогдохгүй байж болох ч зөвлөгөө өгөхөөс илүү яриаг нь дуустал нь сонсоорой.
  • Тэдэнд санаа тавьж байгаагаа хэлж, туслахад бэлэн байгаа гэдгээ мэдүүлэх хэрэгтэй. Жишээ нь: “Таны мэдэрч байгаа зүйл үнэхээр хэцүү бэрх санагдаж байна. Би таньд их санаа зовж байна, учир нь та надад үнэ цэнэтэй хүн маань”

Амиа хорлох талаар ярьж буй хүмүүсийн зарим нь ердөө анхаарал татах гэсэн арга төдий байж болзошгүй. Гэхдээ амиа хорлох гэж байгаа хүмүүс энэ талаар нилээн удаан боддог байна. Эдгээр бодлууд нь сэтгэлийн гүн шархаас үүдэн бий болдог тул байдаг л зүйл гэж бодолгүйгээр бага ч гэсэн зүйлсийг нухацтай хүлээн авч, ярилцаж байгаарай. Зарим хүмүүс амиа хорлолтыг хувиа хичээсэн зүйл гэж боддог. Хэрэв та дотны хүнээ ийм байдлаар алдаж байсан удаатай бол та ойлгож байгаа байх. Энэ бүхэн ар гэрт ямар шаналал авч ирэхийг мэдсээр байж тэд яагаад ийм сонголтыг хийдэг юм бол. Амиа хорлох талаар бодох нь тэдний өвдөлтийг багасгаж байдаг боловч, эцэс сүүлд нь тэвчихийн аргагүй байдалд хүргэдэг.

Амиа хорлох сонголт нь дээр ирсэн хүмүүс нь хайртай хүмүүсдээ ачаа тээр болж буй мэт мэдрэмжийг авдаг. Тэдний хувьд өөрийн амиа егүүтгэх нь хайртай хүмүүсийнхөө төлөө энэ бүх тэмцэлд цэг тавих гэж буй харамгүй үйлдэл гэж боддог байна.

Амьдрах хүсэл хүн болгонд байдаг боловч тэрхүү өвдөлтийг зогсоох хүсэл нь илүү их шатаж байгаад л байгаа юм.

За тэгэхээр энэ бүхний эцэст амиа хорлохыг завдаж буй хэн нэгэнд бид бодитоор тусалж чадах болов уу?

Мэдээж та хэн нэгний бодол болон үйлдлийг цэгнэж чадахгүй боловч таны үгэнд таны бодож байгаагаас илүү хүч оршиж байгаа. Хэрвээ таны мэддэг хэн нэгэн уг аюул дээр байгаа бол тэдэнд үнэхээр туслалцаа хэрэгтэй байгаа үед нь буруу, яарсан үйлдэл хийх нь тус биш тушаа болох магадлал өндөр юм. Ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол анхаарал хандуулахын оронд шүүмжилсэн, үгүйсгэсэн өнгө аясаар “Юу нь сүртэй юм бэ, Чиний насан дээр би…, Удахгүй зүгээр болчих нь доо” гэх мэтээр ярилцах нь тэр хүмүүсийг шууд л тэр дор нь ярих хүслийг нь унтраадаг байна. Дараах алхам нь хэрэг болж мэдэх юм.

  • Багахан ч гэсэн сэжигтэй зүйл ажиглагдаж байвал нухацтай хүлээж авах
  • Аль болох шүүмжлэхээс зайлсхийх
  • Туслалцаа гарвал тус болоход бэлэн байгаа гэдгээ мэдэгдэх
  • Тайвшруулах(цагийг хамт өнгөрөөх, ярилцах)
  • Гэмтээж болох эд зүйлсийг холдуулах,авах(боломжтой бол)

Харин өөрсдийгөө архи болон тамхинаас зайлсхийж,тогтмол дасгал хөдөлгөөн хийж, сайн унтаж амарч, сэтгэл зүйчтэй ярилцаснаар амиа хорлохоос хамгаалж чадах юм. Мөн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой үнэгүй 1800–2000 утас ажилладаг юм байна.

Энэ бүхний эцэст амиа хорлолтын талаар мэддэг болох нь таныг амиа хорлолтруу хөтлөж буй бус, харин амиа хорлолтоос өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэхэхд тань туслаж байгаа хэрэг юм. Аливаа хар бараан зүйлсээс холуур явж, гэрэл гэгээтэй зүйл ярьж байх нь сайн хэдий ч хүссэн хүсээгүй шөнө болж, харанхуй болдогтой адил, нийгмийнхээ хар бараан зүйлсийг мэддэг байх нь харин ч уг зүйлээс сэргийлэхэд тусладаг. Хэдий чинээ таниж мэднэ, төдий чинээ аюулаас хол байна.

--

--

Sukhbat Battulga
Sukhbat Battulga

Written by Sukhbat Battulga

Writing through my experience in life is the thing I can do the best.

No responses yet